Monday 31 October 2011

зөөлөн цас

Зөөлөн цас намуухан будрах орой
Зүүдний юм шиг бүдэгхэн үдшээр
Зүрхэнд эгшиглэх дурсамжны жимээр
Зөнгөөрөө хөтлөгдөн би алхаж явна

Будран будрах энэ цасан ширхэг бүгд
Буцааж болохгүй тэр л өдрүүд шиг
Тансагхан бас намуухан будрана
Танхилхан чамайг минь санагдуулна

Совингийн цагаан өвлийн жаварт
Сондор мөнгөн мөсний гялбаанд
Сормуусандаа цастай чамайгаа хөтлөөд
Намуухан алхахдаа жаргалтай байж дээ

Үргэлжилсэн урт он жилүүдийн тэртээд
Үерхэл хайр минь саатан хоцорч дээ
Үнэн худлыг салгах дэнсэн дээрээс
Үдлээд буцсан дурсамж л үлдэж дээ

Гэхдээ би чамайгаа мартаагүй
Гэнэн хүсэл, дурлалаа ч мартаагүй
Надад бэлэглэсэн өдөр бүхэн чинь
Насан туршид минь санагдах болноо

Цаг хугацаа хичнээн аргадлаа ч
Цаанаа л нэг уйтгартай санагдана
Цас хаялсан Улаанбаатарын үдэш
Цагаан гуниг зүрхэнд минь шивнэнэ

No comments:

Post a Comment